Tuesday, April 25, 2017

Электрон жаал кит ОХУ-д бас хэрэглэгддэг.

ОХУ-д зарагддаг ЭЖ-2008 китийн танилцуулга видеог Орос хэлтэй багш нар үзэж сонирхоорой.

https://www.youtube.com/watch?v=bjPZOiv05VE


Thursday, April 13, 2017

Залгуур, розетка

Физикийн багш нартаа зориулж нэг пост оруулахаар шийдлээ. Бидний Монголчууд хайнга бүдүүлэг зангаасаа болж гэмтэж бэртэх, цаашилбал амь насаа алдах явдал тоочвол захаас аваад олон байна. Эдгээр дундаас нэгэн харамсалтай тохиолдол бол цахилгаанаас үүдэлтэй галын аюул билээ. Бид тэнд ч байр байшин шатлаа, энд ч айлын гэр шатлаа, зах дэлгүүрт гал гарлаа гэхийг мэдээнээс сонсоод бүр дөжирчиж. Тэр болгонд тэдэн хүн нас барж, гэр бүлээрээ хайлчихжээ хөөрхий болоод өнгөрдөг. Харин гал юунаас боловоо гэхэд ихэнхдээ л "ЦАХИЛГААНААС БОЛЖ ГЭНЭЭ" гээд жишим ч үгүй өнгөрч байна. Энэ тэгээд физикийн багш танд огт хамаагүй хэрэг гэж үү?

Миний бодлоор хамгийн хамаатай. Физикийн багш та ард түмэнд цахилгааныг хэрхэн аюулгүй хэрэглэх талаар сургах ёстой анхны багш нь. Хүүхэд байхдаа зөв ойлголт авсан хүн насан туршдаа түүнийгээ баримтлах болно. Тэр цахилгаанаас үүдэлтэй галд өртөж амь насаа алдсан хүмүүст хэзээ нэгэн цагт физикийн багш гэх хүн хичээл орж л байсан байж таараа. Хэрхэн аюулгүй хэрэглэх талаар тэр багш хэлж өгсөнгүй, зааж сургасангүй.

Манай ихэнх физикийн багш энэ талаар заах нь байтугай өөрсдөө мөн хэзээ ч галын аюулд өртөж мэдэхээр орчинд ажиллаж амьдарч байдаг. Иймд та физикийн багш л юм бол гүйдлийн хүч гэж Ампер нэгжээр хэмждэг зүгээр нэг тоо биш галын аюул үүсгэж болдог физик хэмжигдэхүүн гэдгийг өөрөө эхлээд ухаар. Нарийн тооцож, хэрэглэж сур. Дараа нь сурагчиддаа заа, амьралд нь хэвшүүл. 

Ингээд олон юм нуршилгүй хамгийн түрүүнд хүний хэрэгцээ болсон цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээний бидэнд хамгийн ойрхон байдаг залгуур розетканаас эхэлье. Дэлхий дээр маш олон стандарт байдаг.

Та сайн анзаарвал А болон С төрлийнхөөс бусад нь бүгд 3 шонтой залгуурууд байна. А төрлийн залгуурыг БНХАУ, Америк, Япон гэх мэт улсуудад харж болно.
Хэрэв та гярхай бол А төрлийн залгуур, розетканы хоёр шонгийн нэг нь арай бүдүүн болохыг харж болно. Учир нь энэ залгуурыг хэрэглэгч улсууд байр нь солигдож залгагдаж болохгүйгээр шинэчилсэн байна. Энэ нь газардуулгын гуравдагч шонг галгүй буюу нейтрал шонгоор нь давхардуулан ашиглахад зориулагдсан болно. Хэрэв байр нь солигдож залгагдаж болох байсан бол хэрэглэгч төхөөрөмжийн их биен дээр галтай шон залгагдаж болох нь гэсэн үг. Ингэвэл мэдээж маш аюултай. Гэвч Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд энэ шинж чанар нь бараг байхгүй. Өөрөөр хэлбэл газардуулга гэсэн ойлголтгүйгээр чанар муутай төхөөрөмжүүдээ үйлдвэрлэдэг  юм.
Тэгвэл АНУ болон Японд газаардуулга шонг заавал хэрэглэх болсон тул залгуур ийм 3 дахь шонтой болжээ. Үүнийг бид БНХАУ-д харахгүй, учир нь тэд өөр стандартыг хэрэглэх болсон нь нэгэн бэрхшээл дагуулдаг.
БНХАУ-д хэрэглэдэг газардуулгатай I төрлийн залгуур. Паралель 2 шон нь өөрчлөгдөж өнцөг үүсгэн байрласан бөгөөд 3 дахь газардуулга шонг нэмжээ. Энэ залгуур нь үндсэн паралель 2 шонтой залгуураас өөр учир хоёр өөр розетка хэрэглэх, эсвэл хоёуланг нь залгаж болох универсал розетка хийх шаардлага гарчээ. Энэхүү универсал розеткын контакт нь өнцөгтэй өнцөггүй шонгуудтай ээлжлэн харьцсанаас хурдан муудаж муу контакт үүсгэснээр галын аюулын эх үндэс болдог.

Одоо манай улсад ХХ зууны эхнээс нэвтэрсэн өөр нэгэн стандартийг авч үзье. Энэ нь С төрлийн залгуур байна.
Энэхүү хуучнаар ЗХУ-д үүссэн залгуур нь нарийн шонтой бөгөөд газардуулгын шон байхгүй. Ийм залгууртай төхөөрөмжид газардуулга гэсэн ойлголт байхгүй болно. Нарийн нүхтэй учир розетканд орчин үеийн бүдүүн шонтой зүйлийг залгаснаар контакт нь тэлж эвдэрдэг, харин нарийн шонтой залгуур нь бүдүүн нүхтэй розетканд сул холхисноор муу контак үүсэхээс гадна халж хайлан, улмаар галын аюулд хүргэдэг.
Харин энэ зурагт үзүүлсэн залгуур бол Европын ихэнх улсууд хэрэглэдэг үндсэн стандарт бөгөөд ОХУ ч энэ стандартыг хүлээн зөвшөөрч хэрэглэх болсон. Үүнийг бичигч би бээр Алтанбулаг хилийн боомтоор Хиагт боомт руу гарах үед манай хилийн шалган нэвтрүүлэх бүсийн цахилгаан хангамжид гэмтэл гарч сүлжээгүй болсны улмаас олон цагаар саатахад хүрснээ санаж байна. Гэмтлийн шалтгаан өнөөх л Хятад универсал залгуур. Гэтэл Хиагт боомтод очиход ОХУ-ын бүх төхөөрөмж нь энэхүү F төрлийн залгуур уртасгагчаар бүрэн тоноглогдсон байх жишээтэй. Бид ингэж л стандарт хэрэгжүүлдэг улс.
БНСУ мөн энэ стандартыг ягштал мөрддөг. Бүх байр сууц, албан тасалгаанд энэ залгуур, розетка таарна. Хойд Солонгос, Хятадыг алгасаад Өмнөд Солонгос яагаад энэ стандартыг авна гэж? Учир нь 1960-аад онд Солонгосчууд амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр Германд очиж хар ажил хийдэг байжээ. Тэд ажлын хөлсөөрөө ТВ, хөргөгч, угаалгын машин гэх мэт цахилгаан барааг зөөн ирснээр залгуур нь ийм стандарттай учир эх орондоо хэвшүүлсэн байна. Сайн чанарыг шууд хуулбарладаг Ази хүний зан юмуудаа.
Энэ стандартын газардуулга шон нь розетканы дээд доод ирмэгт байх контакт бөгөөд залгуур нь мөн газардуулгын контакттай. Зарим хэрэглэгчид юм залгаж болдоггүй гүнзгий нүхтэй муу залгуур гэж байхтай олон таарсан. Би санал нийлэхгүй байна. Харин ч гүнзгий углагдаж ордог тул залгуур утсандаа татагдан амархан салахгүй маш найдвартай залгагддагаараа харин ч давуу талтай. Хөдөө орон нутагт хичээл заан явж байхад Хятад универсал олон залгуурт компьютерүүдээ залгасан багш нар залгуурын хажуугаар ширүүн алхаж өнгөрөхгүй байхыг нэг нэгэндээ сануулан сануулан хичээл орж байлаа. Хэн нэгэн санамсаргүй чангахан газар гишгэвэл залгуур салж, бүх компьютер унтарна. Ийм байж болох уу?
Танай гэрт, ажил дээр ийм залгуур хааяа таардаг уу? Тиймээ энэ чинь л хүний амьтай дүйцэх хэнэггүй зан.  Ийм зүйлд хайхрамжгүй хандсанаас энэ залгуур хэдэн арваас хэдэн зуун саяын үнэтэй орон байр, мөнгөөр үнэлэгдэшгүй хүний амь насыг үгүй хийдэг. Тэгэхээр одоо яах вэ?
Барилгын материалын дэлгүүрт ийм өндөр чанартай Солонгос залгуурууд зарагддаг. Газардуулга шаардлагагүй зүйлд хэрэглэх нь 1500₮ орчим, газардуулгатай нь 2500₮ үнэтэй. Таны хэдэн зуун мянгын үнэтэй ТВ, хэдэн саяын үнэтэй компьютерт яагаад энэ залгуур үнэтэй тусах гэж? Муу залгуураас болж алдах хүний алтан амь энэ залгуураас хямдхан гэж үү? Хэрэв таны төхөөрөмж өөр стандартын залгууртай бол даруй оготолж хаяад ийм залгуур хий. Тэгвэл одоо уртасгагч залгуурын асуудал гарч ирнэ. Бүх зүйл залгадаг универсал залгуураас татгалз. Ханандаа ч гэсэн газардуулгатай F төрлийн розетка суулга.
Зөвхөн ийм залгуур хэрэглэж занших хэрэгтэй. Таны төхөөрөмж залгаж болохгүй байвал залгуурыг соль.

Чанартай уртасгагчийг өөрсдөө хийж болно. Солонгосын хоёр залгууртай розетка 3500₮, гурван залгууртай нь 4500₮ байдаг. Ийм розетканд найдвартай гурван утастай кабель холбоод 2500₮-ийн залгуур холбочихвол 12,000₮ орчим зардлаар маш сайн уртасгагчтай болно. Гэтэл өнөөх гайт Хятад универсал уртасгагч 16,000₮-өөс дээш үнэтэй байдаг.
Үүнийг хийхэд тийм ч хэцүү биш шүү дээ. Харин 3 утастай кабел доторх утасны учрыг олох хэрэгтэй. 
Кабель утасны ногоон эсвэл шар ногоон алаг утас нь газардуулгын утас байна. Бор, хөх эсвэл хар цагаан утаснуудыг галтай болон нейтрал шонгуудад холбож өгнө. Газардуулгын тухай дараа сайтар тайлбарлан бичье. Харин одоо бол гуравдах шон буюу газардуулгыг заавал холбох ёстой гэдгийг тогтоож авах хэрэгтэй.
Одоо ямар хэмжээний утас ямар гүйдэл даах вэ гэдгийг тооцдог нэгэн практик томъёог тогтоож аваарай. Дамжуулагч утасныхаа диаметрийг [мм]:
Хэрэв 9А гүйдэл даах утас сонгоё гэвэл диаметр нь 1.8 мм байхад хангалттай гэсэн үг. 16А гүйдэлд 2.4мм диаметртэй утас сонгоно гэж гарч байна. Утсаа зөв сонгосон байхад кабел утас шатаж галын аюул гарахгүй.

МУИС, ХШУИС-ийн багш Б. Бат-Отгон. (C) 2017 Китакьюшү хот, ЯПОН