Saturday, December 13, 2014

ЭЛЕКТРОН ЖААЛ ТЭМЦЭЭН

Төв аймгийн Зуунмод сум (хот)-д 5 сургуулийн дунд Электрон жаал китийг хэн сайн ашиглах вэ сэдэвт тэмцээн боллоо.

Тэмцээн 4 үе шаттай явагдсан бөгөөд үүнд:

1. ЭЖ-1699 кит доторх элементүүдийг нэг бүрчлэн зөв нэрлэх.
2. Өгөгдсөн зарчмын схемийн дагуу ЭЖ китээр хэлхээ угсарч ажиллуулах.
3. Текстээр өгөгдсөн хэлхээний зарчмын схемийг зурж, ЭЖ китээр угсарч шалгах.
4. Багийн танилцуулга, эмблемээ тайлбарлах, гэрийн даалгавараа тайлбарлах

Гэрийн даалгавар: ЭЖ китээр түүний тайлбар номонд байхгүй хэлхээ буюу төхөөрөмж зохион бүтээж угсрах. Түүний зориулалт, ажиллах зарчмыг тайлбарлах.

Ингээд нийлбэр дүнгээр 5-р сургуулийн "Эко-электрик" баг 23.3 оноогоор 1-р байр, "Хүмүүн" цогцолбор сургуулийн 1-р баг 23 оноогоор 2-р байр, "Хүмүүн" цогцолбор сургуулийн 2-р баг 22.5 оноогоор 3-р байр тус тус эзлэв.

Тэмцээнд амжилттай оролцсон бүх багш, сурагчдад талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. 

ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ ТӨВ ТББ

Sunday, December 7, 2014

Электрон жаал Завханд

Завхан аймгийн физикийн багш нарт Электрон жаал китийг физикийн хичээлд хэрхэн ашиглах талаар сургалт 2014-12-02-оос 04-ны хооронд явагдав.


Thursday, November 27, 2014

NPN ТРАНЗИСТОРЫН ГҮЙДЭЛ ӨСГӨЛТИЙН КОЭФФИЦИЕНТИЙГ ХЭМЖИХ ТУРШИЛТ

Бид транзисторын үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн билээ. Транзисторын гол үүрэг бол нэг гүйдлийг нөгөө гүйдлээр удирдах явдал юм. Тодорхой хэлбэл транзисторын Бааз-Эмиттер хооронд гүйх гүйдэл нь Коллектор-Эмиттерийн хооронд гүйх гүйдлийг удирддаг. Ингэж удирдахдаа баазын (Бааз-Эмиттерийн) гүйдлээсээ тодорхой хэмжээгээр их гүйдлийг коллектороор (Коллектор-Эмиттерээр) гүйлгэдэг. Энэ хоёр гүйдлийн харьцааг транзисторын гүйдэл өсгөлтийн коэффициент гэж нэрлэнэ. Одоо тэгвэл энэ коэффициентийг тодорхойлох туршилт хийе.

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 100Ω эсэргүүцэгч (30)
  3. 100kΩ эсэргүүцэгч (34)
  4. NPN транзистор (52)
  5. 3V зай хураагуур (19) 2ш
  6. Шаардлагатай холбогчууд
  7. Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагууруудын нэг, нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!

Туршилтын схем:

Туршилт:
Туршилтын схемд үзүүлснээр В2 үүсгүүрээс 100kΩ эсэргүүцэгчээр дамжин баазын гүйдэл гүйнэ. Харин В1 үүсгүүрээс 100Ω эсэргүүцэгчээр дамжин коллекторын гүйдэл гүйнэ. Эдгээр гүйдлүүдийг хэмжихийн тулд тэдгээр дээрх хүчдэлүүдийг хэмжээд Омын хуулиар олж болно гэдгийг өмнөх бүх туршилтуудаас мэддэг болсон билээ.
Хэмжиж олсон коллекторын гүйдлийг баазын гүйдэлд харьцуулан гүйдэл өсгөлтийн коэффициентийг тодорхойлно.
Ингээд R1 эсэргүүцэгч дээрх хүчдэлийг хэмжвэл 2.505V байв. Эндээс баазын гүйдлийг олбол 25.1 µA болж байна. Одоо R1 эсэргүүцэгч дээрх хүчдэлийг хэмжие. Энэ нь 0.645V болж, түүгээр гүйх гүйдэл буюу коллекторын гүйдэл нь 6.45 mA болж байна. Ингээд гүйдэл өсгөлтийн коэффициент β = 257 гарав. 
Тухайн NPN транзистор нь гүйдлийг 257 дахин өсгөдөг байна.

Sunday, November 16, 2014

ТРАНЗИСТОРЫН НЭГ P-N ШИЛЖИЛТИЙН ХҮЧДЭЛ-ГҮЙДЛИЙН ХАМААРАЛ

Өмнөх туршилтанд бид хагас дамжуулагч LED диодны хүчдэл гүйдлийн хамааралыг судалсан. Тэгвэл одоо транзистортой танилцаж эхлэе. Хагас дамжуулагч транзистор нь нэг гүйдлээр өөр гүйдлийг удирддаг электрон элемент юм. Eрдийн хагас дамжуулагч диод дотор байдаг P-N шилжилт NPN транзисторт ч хоёр, PNP транзисторт ч хоёр байдаг.
Энэхүү туршилтаараа транзисторын Бааз-Эмиттерийн P-N шилжилтийн хүчдэл-гүйдлийн хамааралыг судалж үзье.

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 10kΩ эсэргүүцэгч (33)
  3. NPN транзистор (52)
  4. Хувьсах эсэргүүцэгч - потенциометр (53)
  5. 3V зай хураагуур (19) 1ш
  6. Шаардлагатай холбогчууд
  7. Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагууруудын нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!

Туршилтын схем:

Туршилт:

Туршилтын схемд үзүүлсэн (a) зураг нь бодит хэлхээ бөгөөд (b) зураг нь түүний диодоор төлөөлүүлсэн загвар юм. Бид транзисторын Бааз-Эмиттерийн шилжилт дээр хэмжилт хийнэ. Потенциометрийг хамгийн доод байрлалд тавихад Бааз-Эмиттерийн хоорондох хүчдэл тэгтэй тэнцүү болно. Харин потенциометрийг хамгийн дээд байрлалд тавибал Бааз-Эмиттерийн хүчдэл хамгийн их болно. Ингээд доод байрлалаас бага багаар нэмэгдүүлж 10k эсэргүүцэгч дээр унасан хүчдэл (VR)  болон Бааз-Эмиттер хоорондох VBE хүчдэлийг хэмжиж авна. Ингээд ID = VR/10000 томъёогоор гүйдлийг бодож олоод ID ~ VBE хамаарлын графикийг байгуулна.

Одоо хийсэн хэмжилтийн үр дүнг харуулая.
Графикийг 2-р хэмжилтээс эхлэн байгуулав. Эндээс үзвэл транзисторын Бааз-Эмиттерийн шилжилт хагас дамжуулагч диодтой төстэй хэлбэрийн муруйг үзүүлдэг байна.

Tuesday, November 11, 2014

ДИОДНЫ ХҮЧДЭЛ-ГҮЙДЛИЙН ХАМААРЛЫГ СУДЛАХ ТУРШИЛТ

Хагас дамжуулагч диод нь шугаман бус элемент юм. Учир нь түүний гүйдэл нь түүнд өгсөн хүчдэлээс шугаман бус хамаардаг.
ЭЖ-1699 кит дотор байгаа асдаг улаан диод (LED) -ыг ашиглан түүний хүчдэл-гүйдлийн хамаарлыг судалж болно. Ингэхийн тулд дараах хэлхээг угсарах шаардлагатай.

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 100Ω эсэргүүцэгч (30)
  3. Улаан LED диод (17)
  4. NPN транзистор (52)
  5. Хувьсах эсэргүүцэгч - потенциометр (53)
  6. 3V зай хураагуур (19) 2ш
  7. Шаардлагатай холбогчууд
  8. Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагууруудын нэг, нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!

Туршилтын схем:

Туршилт:
ЭЖ-1699 кит дотор байх LED диодуудыг шууд хүчдэлийн үүсгүүрт залгах учир хэт их гүйдэл гүйж шатахаас сэргийлэн 100Ω эсэргүүцэгчийг диодны сууринд хамт угсарсан байгаа. Үүнийг 17 дугаартай диодны ар талаас харж болно. Иймд энэ эсэргүүцэл дээр унасан хүчдэлийг А-В цэгүүдийн хооронд хэмжигдсэн хүчдэлээс хасаж диодон дээр унах хүчдэлийг тооцох шаардлагатай болно. Үүний тулд хэлхээнд мөн нэг 100Ω эсэргүүцэгчийг цуваагаар C-D цэгүүдэд холбон хүчдэлийг нь хэмжинэ. Хоёр эсэргүүцэгч цуваа холбогдсон учир гүйдлүүд нь ижил бөгөөд утгууд нь ижил учир хүчдэлүүд нь ч ижил байна. 
Ийнхүү диод дээр унасан хүчдэлийг олоод, мөн тэр агшинд түүгээр гүйх гүйдлийг олох шаардлагатай. Бид диодтой цуваа холбогдсон 100Ω эсэргүүцэгч дээрх хүчдэлийг мэдэж байгаа учир гүйдлийг нь олж чадна. Ингээд олсон гүйдлээ диод дээр унах хүчдэлээс хэрхэн хамаарч байгааг график байгуулж харахад хангалттай.
Одоо хэлхээний бусад хэсгийн ажиллагааг товч тайлбарлая. Бид диодонд 0V хүчдэлээс эхлэн түүгээр хангалттай их гүйдэл гүйлгэж чадахуйц хүчдэл хүртэл бага багаар ихэсгэн өгөх шаардлагатай. Транзистор болон хувьсах эсэргүүцэгчийн тусламжтай зай хураагуурын хүчдэлийг ихэсгэж багасган удирддаг хэлхээ үүсгэж болно. Энд бид зөвхөн диодны тухайд авч үзэж байгаа болохоор транзисторын ажиллагааг дараа үзэх үед энэ хэлхээ илүү тодорхой болно. 

Ингээд зохиогч миний бие хэлхээг угсарч хэмжилт хийснээ үзүүлбэл:

Энд 20 удаа хэмжилт хийсэн боловч графикийг 4-р цэгээс байгууллаа. V хүчдэл бол LED диод + 100Ω эсэргүүцэгч (17) дээр унасан хүчдэл, VR хүчдэл нь нэмэлт 100Ω эсэргүүцэгч дээр унасан хүчдэл, VD хүчдэл нь хагас дамжуулагч диод дээр унасан хүчдэл бөгөөд V= V – VR, харин ID гүйдэл бол диод болон эсэргүүцэгчүүдээр гүйсэн гүйдэл бөгөөд ID = VR/100 юм. Ингээд VD ~ ID графикаас харахад хагас дамжуулагч диодны хүчдэл-гүйдлийн хамаарал нь шулуун бус гарч байна.

Жич: LED диодыг эсрэг чиглэлд холбоод хэмжилтийг давтаарай. Ямар учраас хэмжилтийн үр дүн эрс өөр гарсныг хоорондоо ярилцаарай.
Дээрх хүснэгтэд Id гүйдлийн утгыг microsoft excel программаар бодож, мөн графикийг уг программаар байгуулсан болно. 

Friday, November 7, 2014

КИРХГОФЫН ХҮЧДЭЛИЙН ДҮРМИЙГ ШАЛГАХ ТУРШИЛТ

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 1kΩ эсэргүүцэгч (31)
  3. 10kΩ эсэргүүцэгч (33)
  4. 3V зай хураагуур (19) 2ш
  5. Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагууруудын нэг, нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!

Туршилтын схем:
Туршилт:

Мультиметр багажаа тогтмол хүчдэл хэмжих горимд бэлдээд А-В, C-D, E-F, H-G цэгүүд дээр хүчдэлүүдийг хэмжинэ. Ингэхдээ мультиметрийн улаан хатгуурыг улаан үсэгтэй цэгүүдэд, хар хатгуурыг хар үсэгтэй цэгүүдэд хатгаж хэмжинэ. Хэмжих дараалал нь улаан сум буюу цагийн зүүний дагуу дарааллаар хийгдэх бөгөөд хар улаан хатгууруудын байрлалаа хянамгай хийгээрэй. Хэмжиж авсан хүчдэлүүдийнхээ утгыг туйлтай нь сайн тэмдэглэж ав.

Хэмжилт хийе.
В2 батерейны хүчдэл 3.22V, R1 эсэргүүцэгчийн хүчдэл -5.85V, B1 батерейны хүчдэл 3.21V, R2 эсэргүүцэгч дээрх хүчдэл -0.582V байна. Эдгээр хүчдэлүүдийг хооронд нь нэмбэл:

3.22+(-5.85)+3.21+(-0.58)=0.00V 

гарч битүү хүрээн дэх хүчдэлүүдийн нийлбэр тэгтэй тэнцүү гэсэн Кирхгофын хүчдэлийн дүрэм батлагдаж байна.

Thursday, November 6, 2014

КИРХГОФЫН ГҮЙДЛИЙН ДҮРМИЙГ ШАЛГАХ ТУРШИЛТ

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 100Ω эсэргүүцэгч (30)
  3. 1kΩ эсэргүүцэгч (31)
  4. 10kΩ эсэргүүцэгч (33)
  5. 3V зай хураагуур (19) 2ш
  6. Шаардлагатай холбогчууд
  7. Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагууруудын нэг, нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!

Туршилтын схем:

Туршилт:

Мультиметр багажаа тогтмол хүчдэл хэмжих горимд бэлдээд А-В, C-D, E-F цэгүүд дээр хүчдэлүүдийг хэмжинэ. Ингэхдээ мультиметрийн улаан хатгуурыг улаан үсэгтэй цэгүүдэд, хар хатгуурыг хар үсэгтэй цэгүүдэд хатгаж хэмжинэ. Мультиметрийн дэлгэц дээр эерэг хүчдэл хэмжигдэж байвал улаан хатгуур дээр хүчдэлийн эерэг туйл, сөрөг хүчдэл хэмжигдвэл улаан хатгуур дээр хүчдэлийн сөрөг туйл байна. Харин эсэргүүцэгчээр эерэг туйлаас сөрөг туйл руу гүйдэл гүйнэ. 

Одоо хэмжилт хийе. А-В цэгүүдийн хооронд 0.349V хэмжигдэв. Энэ нь эерэг утга байгаа учир А цэг дээр хүчдэлийн эерэг туйл байна. Иймд А-аас В цэг рүү гүйдэл гүйж байна.
E-F цэгүүдийн хооронд 2.85V хэмжигдэв. Мөн л эерэг хүчдэл хэмжигдсэн учир E-ээс F цэг рүү гүйдэл гүйж байна. 
C-D цэгүүдийн хооронд 6.08V хүчдэл хэмжигдэв. Иймд С-ээс D цэг рүү гүйдэл гүйж байна. 
Кирхгофын гүйдлийн дүрэм ёсоор А-аас В цэг рүү гүйх гүйдэл нь C-ээс D болон E-ээс F цэг рүү гүйх гүйдлүүдийн нийлбэртэй тэнцүү байна. Одоо тэгвэл гүйдлүүдийг Омын хууль ашиглан тооцоолж олоё. 
Ингээд сүүлийн хоёр гүйдлийг хооронд нь нэмбэл 3.418 mA гарч А-В гүйдэлтэй ижил буюу Кирхгофын гүйдлийн дүрэм батлагдаж байна. 

Жич: Энд өөр өөрсдийн хэрэглэж буй эсэргүүцлийн утгуудыг хэмжиж аван ашиглаарай. 

Wednesday, November 5, 2014

ОМЫН ХУУЛИЙГ ШАЛГАХ ТУРШИЛТ

ЭЖ-799 болон ЭЖ-1699 китүүдийг ашиглан Омын хуулийг шалгах туршилт хийцгээе.

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 100Ω эсэргүүцэгч (30)
  3. 1kΩ эсэргүүцэгч (31)
  4. 3V зай хураагуур (19)
  5. 3 цэг холбогч
  6. Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагуурын нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!

Туршилтын схем:

Онолын тооцоо:

Хэлхээнд 100Ω болон 1kΩ эсэргүүцэгчүүд цуваа холбогдсон байна. Иймд 3V үүсгүүрт R1+R2 буюу нийт 1100Ω эсэргүүцэл холбогдсон гэсэн үг юм. Эндээс Омын хуулиар гүйдлийн хэмжээг тооцоолбол:
Энэ гүйдэл хоёр эсэргүүцэгчээр хоёулангаар ижилхэн гүйх бөгөөд R1, R2 эсэргүүцэгчүүд дээр унах хүчдлүүдийг Омын хуулиар тооцоолбол:
Одоо бодит хэлхээнд өмнөх туршилтанд хэмжсэн эсэргүүцлийн утгуудаа ашиглан тооцож үзье. (Өмнөх постын сэтгэгдэл дотор зохиогчын хэмжилтийн үр дүн байгаа)
R1=102Ω, R2=1010Ω утгатай байна.  Харин А-Е цэгүүдийн хооронд зай хураагуурын хүчдэлийг хэмживэл 3.20V байна. Эндээс ерөнхий гүйдлийг олбол:
Үүнээс эсэргүүцэгч тус бүр дээр унах хүчдлүүдийг олбол:
Одоо хэмжилт хийж эдгээр хүчдэлүүдийг тодорхойлоё. А-В цэгүүдийн хооронд хэмжилт хийвэл 0.294V хэмжигдэж байна. Ингэхдээ мультиметрээ тогтмол хүчдэл хэмжих горимд тааруулна. Хэмжих хязгаарыг 2 Вольт хүртэл хэмжих мужид тааруулна. А цэг дээр улаан хатгуураа, В цэг дээр хар хатгуураа хүргээрэй.
Харин C-D цэгүүдийн хооронд 2.91V байна. Ингэхдээ хэмжих хязгаарыг 20 Вольт хүртэл мужид тааруулна. Ийнхүү хэмжиж олсон утга маань тооцооны үр дүнтэй яг таарч байна. Та бүхний хэмжилтийн үр дүн тооцооноос хэр их зөрж байна вэ? Дүгнэлт хийгээрэй.

ЦУВАА БОЛОН ЗЭРЭГЦЭЭ ХОЛБОГДСОН ЭСЭРГҮҮЦЭГЧҮҮД

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 100Ω эсэргүүцэгч (30)
  3. 1kΩ эсэргүүцэгч (31)
  4. 10kΩ эсэргүүцэгч (33)
  5. Шаардлагатай холбогчууд
  6. Угсралтын хавтан
Туршилтын схем:

Онолын тооцоо:
Зурагт үзүүлсэн хэлхээний R2 болон R3 эсэргүүцэгчүүд хоорондоо зэрэгцээ холбогдсон байна. Эхлээд энэ хоёрын ерөнхий эсэргүүцлийг олбол:



Энэ эсэргүүцэл нь 100 эсэргүүцэгчтэй цуваа холбогдсон учир ерөнхий эсэргүүцэл нь:

Туршилт:
Зурагт үзүүлсэн хэлхээг угсралтын хавтан дээр угсарна. Ингээд мультиметрээр ерөнхий эсэргүүцлийн болон зэрэгцээ эсэргүүцэгчүүдийн эсэргүүцлийн утгуудыг хэмжинэ. Дээрх тооцооноос хэр зөрүүтэй гарч байна? Яагаад үл ялиг онолын тооцооноос зөрж байна вэ? Бодлоо дүгнэлт болгож бичээрэй.

Tuesday, November 4, 2014

ЭЛЕКТРОН ЖААЛ ОХУ-Д

Электрон жаал угсардаг китийг ОХУ-д сургалтанд хэрэглэж байна. ОХУ-д уг тоглоомыг ЗНАТОК Электронный конструктор нэрээр үйлдвэрлэн борлуулдаг. Сонирхсон  багш нар болон сурагчид Youtube сайтаас дараах линкээр орж видео материалуудыг үзэж болно.
https://www.youtube.com/results?search_query=%D1%8D%D0%BB%D0%B5%D0%BA%D1%82%D1%80%D0%BE%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9+%D0%BA%D0%BE%D0%BD%D1%81%D1%82%D1%80%D1%83%D0%BA%D1%82%D0%BE%D1%80+%D0%B7%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE%D0%BA

Бидний хэрэглэж буй ЭЖ-799 загварын Орос номыг Холбоотой линкүүд булангаас татаж авч болно. Энд ЭЖ-799 китээр хийсэн туршилтуудыг онолын тайлбартайгаар хийсэн нь багш нар санаа авч хичээлдээ хэрэглэхэд илүү дөхөм болсон байна. 

МУЛЬТИМЕТР БАГАЖНЫ ТУХАЙ

Электрон жаал угсардаг китүүдийг ашиглан туршилт болон лабораторын ажил гүйцэтгэх үед хэмжих багаж, тухайлбал мультиметр буюу тестер зайлшгүй шаардлагатай. Иймд эхлэн суралцагчидад зориулан уг багажын тухай пост оруулж байна. 



Мультиметр гэдэг нь олон хэмжигч гэсэн утгатай үг бөгөөд түүгээр гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, хагасдамжуулагчийн шилжилт зэрэг үндсэн хэмжигдэхүүнүүдийг хэмжих зориулалттай юм. Зарим илүү олон үйлдэлтэй мультиметрүүдээр конденсаторын багтаамж, элементийн температур, транзисторын ажиллагаа гэх мэт олон хэмжигдэхүүнүүдийг хэмжиж болдог. Ширээний, халаасны, үзгэн хэлбэртэй гэх мэт маш олон янз байдаг учир бүгдийг энд тайлбарлах боломжгүй. Энд жишээ болгон хамгийн энгийн үйлдэлтэй мультиметрийг тайлбарлая.

Мультиметр нь LCD дэлгэцтэй, хэмжих горим сонгох эргүүлдэг хүрдтэй, хэмжилтийн хатгуур (шуп буюу probe)-ийг залгах үүрүүдтэй байна. Мультиметрт нэмэлт товчлуурууд байж болох бөгөөд дээрх багажанд AC/DC гэсэн хувьсах, тогтмол гүйдэл сонгох, Range гэсэн хэмжих утгын хязгаарыг сонгох товчлуурууд байна. Ийм төрлийн мультиметрүүд ихэвчлэн хэмжих утгын мужийг өөрөө автоматаар сонгох боловч хэрэглэгч хүсвэл Range товчлуурыг ашиглан сонгож болно. 
Хэмжилтийн хатгуур залгах СОМ үүр нь ерөнхий буюу хэмжих багажын сөрөг туйлтай хар хатгуурыг залгах үүр юм. Харин Ω mA үүрэнд эерэг туйлтай улаан хатгуурыг залгаж хүчдэл, эсэргүүцэл болон mA (миллиампер) муж дахь маш бага гүйдэл хэмжихэд ашиглана. Харин 10А үүрэнд улаан хатгуурыг залгаж 10 ампер хүртэлх их гүйдлийг хэмжинэ. Энд unfused гэж гал хамгаалагчаар хамгаалагдаагүй болохыг анхааруулжээ. 
Ихэнх мультиметрүүд бага гүйдэл хэмжих оролт нь гал хамгаалагчаар хамгаалагдсан байдаг учир хэт их гүйдэл хэмжих, эсвэл гүйдэл хэмжих горимд хүчдэл хэмжих гэж оролдвол гал хамгаалагч нь гэмтэх болно. Мөн эсэргүүцэл хэмжих горимд хэт их хүчдэл гүйдэл хэмжих гэж оролдвол багаж гэмтэж болно. Түүнээс гадна мультиметр багажаар хэмжих хязгаараас нь давсан гүйдэл хүчдэл хэмжих нь маш аюултай. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хямдхан загварын мультиметрүүд нь ийм шалтгаанаар амархан эвдэрч ашиглагдахгүй болдог. 
Горим сонгох хүрд V байрлалд байвал хүчдэл хэмжих бөгөөд AC/DC товчлуураар хувьсах, тогтмол горимыг сонгоно.  байрлалд эсэргүүцэл хэмжинэ. Дараагийн o))) дүрстэй байрлал нь дуут дохионы горим бөгөөд хатгуурууд хооронд маш бага эсэргүүцэл буюу битүү хэлхээ хэмжигдвэл дуугарч дохио өгнө. Хэлхээ холбогдсон эсэхийг багажийн дэлгэц рүү харахгүйгээр шуурхай хэмжих үед хэрэглэнэ. Хагас дамжуулагч диодны дүрс бүхий байрлал нь хагас дамжуулагч P-N шилжилтийг хэмжихэд хэрэглэгдэнэ. Тухайлбал хагас дамжуулагч диодны анод дээр улаан хатгуурыг, катод дээр хар хатгуурыг байрлуулж хэмжихэд дэлгэц дээр гарч буй 0.648V орчим хүчдэл хэмжигдэж байвал шилжилтээр гүйдэл гүйж буйг харуулж байна. Хатгууруудыг солиод холбоход дэлгэц дээр хязгааргүй гэсэн тэмдэг болох ганц 1-ийн тоо эсвэл OL гэсэн үсэг гарч байвал хагас дамжуулагч P-N шилжилт хэвийн байна гэсэн үг юм. Энэ нь диод нэг талдаа гүйдэл дамжуулдаг, эсрэг талдаа дамжуулдаггүй гэдгийг харуулж байна. Харин эдгээр утгууд хэт бага болсон, эсвэл аль ч талдаа хязгааргүй байвал диод гэмтсэн байна.
Мультиметр багажаар гүйдэл хэмжих үед онцгой анхаарах шаардлагатай. Амперметрийг хүчдэлийн үүсгүүрт шууд холбовол маш их гүйдэл гүйж эвдэрдэг. Мультиметрээр гүйдэл хэмжих гээд шууд хүчдэлд холбож гэмтээх тохиолдол туршлагатай инженерүүдэд ч тохиолддог алдаа юм. 

ЭЖ-1699 ТӨХӨӨРӨМЖИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭЖ-1699 төхөөрөмж нь 12-оос дээш насны хүүхдэд тохиромжтой бөгөөд цахилгаан хэлхээн дотор болж буй үйл явцыг хэмжих багажын тусламжтай хэмжиж, үйл ажиллагааг нарийвчлан судлах боломж олгоно. Мөн ЕБС-ын багш нар физикийн хичээлдээ ашиглан, цахилгаан соронзон бүлгийн сэдвүүдийг заахдаа ашиглаж болохоос гадна тодорхой туршилтууд, лабораторийн ажлуудыг сурагчдаар гүйцэтгүүлж болно. 

Зурагт төхөөрөмжид байх элементүүдийг харуулав.

Зурагт элементүүдийн нэр, тоо ширхэг, дүрсийг харуулав.
Төхөөрөмжтэй улам гүнзгий танилцахыг хүсвэл заавар номыг ашигла. Номын орчуулгыг холбогдох линкүүд булангаас татаж аваарай.

Monday, November 3, 2014

Орхон аймагт


Орхон аймгийн физикийн багш нарт физик дидактик болон физикийн хичээлд Электрон жаал китийг хэрхэн ашиглах талаар сургалт явагдав.

Tuesday, October 28, 2014

Дархан, Сэлэнгийн Физикийн багш нар сургалтанд хамрагдав.


Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймгийн зарим физикийн багш нар Электрон жаал китийг физикийн хичээлийн сургалтанд хэрхэн хэрэглэх талаар сургалтанд хамрагдав. 2014.10.25


Monday, October 20, 2014

Хүүхдийн Урлан бүтээх Төвийн сурагчид Электрон жаал ашиглаж эхлэв.

Хүүхдийн урлан бүтээх төвийн Электроникийн дугуйлангийн сурагчид хичээлдээ "Электрон жаал" цахилгаан, электрон хэлхээ угсардаг китийг ашиглаж эхэллээ.


 Сурагчдынхаа сурлагад өндөр амжилт хүсье!

Monday, October 6, 2014

БШУ-ы сайд Л. Гантөмөрийн ярилцлага гарчээ.


Боловсролын шинжлэх ухааныг задлаад харахад сурах гэдгээс илүүтэй суралцах үйл явц юм. Суралцахуй дотор хамгийн чухал байр суурь эзэлж байгаа нь өөрөө хийх, тоглох. Тоглонгоо л сураад явдаг.
http://news.gogo.mn/r/147629

Thursday, June 12, 2014

ЭЖ-799 ТӨХӨӨРӨМЖИЙН ТАНИЛЦУУЛГА


Цахилгаан болон электрон хэлхээ угсарч турших Электрон жаал угсардаг кит хүрэлцэн ирлээ. Төхөөрөмжид байгаа электрон болон цахилгаан элементүүдийг танилцуулая.


ЭЛЕМЕНТИЙН ЖАГСААЛТ
1.             Нэг цэг холбох товх                     4 ширхэг
2.             Хоёр цэг холбох саваа                 8 ширхэг
3.             Гурван цэг холбох саваа              3 ширхэг
4.             Дөрвөн цэг холбох саваа             1 ширхэг
5.             Таван цэг холбох саваа                1 ширхэг
6.             Зургаан цэг холбох саваа             1 ширхэг
11.          Дуу мэдрэгч ялтас                        1 ширхэг
12.          Хүрэлцэхүй мэдрэгч                     1 ширхэг
13.          Соронзон түлхүүр                         1 ширхэг
14.          Даралтын товчлуур                      1 ширхэг
15.          Унтраалга түлхүүр                        1 ширхэг
16.          Гэрэл мэдрэгч                               1 ширхэг
17.          Улаан гэрэлт диод                        1 ширхэг
18.          2.5 Вольт чийдэнгийн суурь         1 ширхэг
19.          3 Вольт зайн хайрцаг                    2 ширхэг
20.          Чанга яригч                                   1 ширхэг
21.          Аялгуут интеграл хэлхээ              1 ширхэг
22.          Дуут интеграл хэлхээ                   1 ширхэг
24.          Цахилгаан хөдөлгүүр                   1 ширхэг
30.          100 Ω эсэргүүцэгч                         1 ширхэг
31.          1 кΩ эсэргүүцэгч                            1 ширхэг
32.          10 кΩ эсэргүүцэгч                          1 ширхэг
33.          100 кΩ эсэргүүцэгч                        1 ширхэг
41.          0.1 uF конденсатор                       1 ширхэг
42.          10 uF конденсатор                        1 ширхэг
43.          100 uF конденсатор                      1 ширхэг
44.          470 uF конденсатор                      1 ширхэг
51.          PNP транзистор                            1 ширхэг
52.          NPN транзистор                            1 ширхэг
96.          Индукцлэл                                     1 ширхэг
108.      Цахилгаан соронзон тээрэм         1 ширхэг
  Угсралтын хавтан                         1 ширхэг
  Соронзон саваа                            1 ширхэг
  Нисдэг сэнс                                   1 ширхэг
  Чийдэн                                           1 ширхэг

!!! Чийдэнг хэлхээнд угсрахдаа ажиллах хүчдлийг нь сайтар шалга!!!
Чийдэнгийн ажиллах хүчдлийг түүний бөөрөн дээр тэмдэглэсэн байгаа. Буруу хүчдэлд залгавал шатах болно.