Tuesday, November 4, 2014

МУЛЬТИМЕТР БАГАЖНЫ ТУХАЙ

Электрон жаал угсардаг китүүдийг ашиглан туршилт болон лабораторын ажил гүйцэтгэх үед хэмжих багаж, тухайлбал мультиметр буюу тестер зайлшгүй шаардлагатай. Иймд эхлэн суралцагчидад зориулан уг багажын тухай пост оруулж байна. 



Мультиметр гэдэг нь олон хэмжигч гэсэн утгатай үг бөгөөд түүгээр гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, хагасдамжуулагчийн шилжилт зэрэг үндсэн хэмжигдэхүүнүүдийг хэмжих зориулалттай юм. Зарим илүү олон үйлдэлтэй мультиметрүүдээр конденсаторын багтаамж, элементийн температур, транзисторын ажиллагаа гэх мэт олон хэмжигдэхүүнүүдийг хэмжиж болдог. Ширээний, халаасны, үзгэн хэлбэртэй гэх мэт маш олон янз байдаг учир бүгдийг энд тайлбарлах боломжгүй. Энд жишээ болгон хамгийн энгийн үйлдэлтэй мультиметрийг тайлбарлая.

Мультиметр нь LCD дэлгэцтэй, хэмжих горим сонгох эргүүлдэг хүрдтэй, хэмжилтийн хатгуур (шуп буюу probe)-ийг залгах үүрүүдтэй байна. Мультиметрт нэмэлт товчлуурууд байж болох бөгөөд дээрх багажанд AC/DC гэсэн хувьсах, тогтмол гүйдэл сонгох, Range гэсэн хэмжих утгын хязгаарыг сонгох товчлуурууд байна. Ийм төрлийн мультиметрүүд ихэвчлэн хэмжих утгын мужийг өөрөө автоматаар сонгох боловч хэрэглэгч хүсвэл Range товчлуурыг ашиглан сонгож болно. 
Хэмжилтийн хатгуур залгах СОМ үүр нь ерөнхий буюу хэмжих багажын сөрөг туйлтай хар хатгуурыг залгах үүр юм. Харин Ω mA үүрэнд эерэг туйлтай улаан хатгуурыг залгаж хүчдэл, эсэргүүцэл болон mA (миллиампер) муж дахь маш бага гүйдэл хэмжихэд ашиглана. Харин 10А үүрэнд улаан хатгуурыг залгаж 10 ампер хүртэлх их гүйдлийг хэмжинэ. Энд unfused гэж гал хамгаалагчаар хамгаалагдаагүй болохыг анхааруулжээ. 
Ихэнх мультиметрүүд бага гүйдэл хэмжих оролт нь гал хамгаалагчаар хамгаалагдсан байдаг учир хэт их гүйдэл хэмжих, эсвэл гүйдэл хэмжих горимд хүчдэл хэмжих гэж оролдвол гал хамгаалагч нь гэмтэх болно. Мөн эсэргүүцэл хэмжих горимд хэт их хүчдэл гүйдэл хэмжих гэж оролдвол багаж гэмтэж болно. Түүнээс гадна мультиметр багажаар хэмжих хязгаараас нь давсан гүйдэл хүчдэл хэмжих нь маш аюултай. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хямдхан загварын мультиметрүүд нь ийм шалтгаанаар амархан эвдэрч ашиглагдахгүй болдог. 
Горим сонгох хүрд V байрлалд байвал хүчдэл хэмжих бөгөөд AC/DC товчлуураар хувьсах, тогтмол горимыг сонгоно.  байрлалд эсэргүүцэл хэмжинэ. Дараагийн o))) дүрстэй байрлал нь дуут дохионы горим бөгөөд хатгуурууд хооронд маш бага эсэргүүцэл буюу битүү хэлхээ хэмжигдвэл дуугарч дохио өгнө. Хэлхээ холбогдсон эсэхийг багажийн дэлгэц рүү харахгүйгээр шуурхай хэмжих үед хэрэглэнэ. Хагас дамжуулагч диодны дүрс бүхий байрлал нь хагас дамжуулагч P-N шилжилтийг хэмжихэд хэрэглэгдэнэ. Тухайлбал хагас дамжуулагч диодны анод дээр улаан хатгуурыг, катод дээр хар хатгуурыг байрлуулж хэмжихэд дэлгэц дээр гарч буй 0.648V орчим хүчдэл хэмжигдэж байвал шилжилтээр гүйдэл гүйж буйг харуулж байна. Хатгууруудыг солиод холбоход дэлгэц дээр хязгааргүй гэсэн тэмдэг болох ганц 1-ийн тоо эсвэл OL гэсэн үсэг гарч байвал хагас дамжуулагч P-N шилжилт хэвийн байна гэсэн үг юм. Энэ нь диод нэг талдаа гүйдэл дамжуулдаг, эсрэг талдаа дамжуулдаггүй гэдгийг харуулж байна. Харин эдгээр утгууд хэт бага болсон, эсвэл аль ч талдаа хязгааргүй байвал диод гэмтсэн байна.
Мультиметр багажаар гүйдэл хэмжих үед онцгой анхаарах шаардлагатай. Амперметрийг хүчдэлийн үүсгүүрт шууд холбовол маш их гүйдэл гүйж эвдэрдэг. Мультиметрээр гүйдэл хэмжих гээд шууд хүчдэлд холбож гэмтээх тохиолдол туршлагатай инженерүүдэд ч тохиолддог алдаа юм. 

2 comments: