Tuesday, November 11, 2014

ДИОДНЫ ХҮЧДЭЛ-ГҮЙДЛИЙН ХАМААРЛЫГ СУДЛАХ ТУРШИЛТ

Хагас дамжуулагч диод нь шугаман бус элемент юм. Учир нь түүний гүйдэл нь түүнд өгсөн хүчдэлээс шугаман бус хамаардаг.
ЭЖ-1699 кит дотор байгаа асдаг улаан диод (LED) -ыг ашиглан түүний хүчдэл-гүйдлийн хамаарлыг судалж болно. Ингэхийн тулд дараах хэлхээг угсарах шаардлагатай.

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 100Ω эсэргүүцэгч (30)
  3. Улаан LED диод (17)
  4. NPN транзистор (52)
  5. Хувьсах эсэргүүцэгч - потенциометр (53)
  6. 3V зай хураагуур (19) 2ш
  7. Шаардлагатай холбогчууд
  8. Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагууруудын нэг, нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!

Туршилтын схем:

Туршилт:
ЭЖ-1699 кит дотор байх LED диодуудыг шууд хүчдэлийн үүсгүүрт залгах учир хэт их гүйдэл гүйж шатахаас сэргийлэн 100Ω эсэргүүцэгчийг диодны сууринд хамт угсарсан байгаа. Үүнийг 17 дугаартай диодны ар талаас харж болно. Иймд энэ эсэргүүцэл дээр унасан хүчдэлийг А-В цэгүүдийн хооронд хэмжигдсэн хүчдэлээс хасаж диодон дээр унах хүчдэлийг тооцох шаардлагатай болно. Үүний тулд хэлхээнд мөн нэг 100Ω эсэргүүцэгчийг цуваагаар C-D цэгүүдэд холбон хүчдэлийг нь хэмжинэ. Хоёр эсэргүүцэгч цуваа холбогдсон учир гүйдлүүд нь ижил бөгөөд утгууд нь ижил учир хүчдэлүүд нь ч ижил байна. 
Ийнхүү диод дээр унасан хүчдэлийг олоод, мөн тэр агшинд түүгээр гүйх гүйдлийг олох шаардлагатай. Бид диодтой цуваа холбогдсон 100Ω эсэргүүцэгч дээрх хүчдэлийг мэдэж байгаа учир гүйдлийг нь олж чадна. Ингээд олсон гүйдлээ диод дээр унах хүчдэлээс хэрхэн хамаарч байгааг график байгуулж харахад хангалттай.
Одоо хэлхээний бусад хэсгийн ажиллагааг товч тайлбарлая. Бид диодонд 0V хүчдэлээс эхлэн түүгээр хангалттай их гүйдэл гүйлгэж чадахуйц хүчдэл хүртэл бага багаар ихэсгэн өгөх шаардлагатай. Транзистор болон хувьсах эсэргүүцэгчийн тусламжтай зай хураагуурын хүчдэлийг ихэсгэж багасган удирддаг хэлхээ үүсгэж болно. Энд бид зөвхөн диодны тухайд авч үзэж байгаа болохоор транзисторын ажиллагааг дараа үзэх үед энэ хэлхээ илүү тодорхой болно. 

Ингээд зохиогч миний бие хэлхээг угсарч хэмжилт хийснээ үзүүлбэл:

Энд 20 удаа хэмжилт хийсэн боловч графикийг 4-р цэгээс байгууллаа. V хүчдэл бол LED диод + 100Ω эсэргүүцэгч (17) дээр унасан хүчдэл, VR хүчдэл нь нэмэлт 100Ω эсэргүүцэгч дээр унасан хүчдэл, VD хүчдэл нь хагас дамжуулагч диод дээр унасан хүчдэл бөгөөд V= V – VR, харин ID гүйдэл бол диод болон эсэргүүцэгчүүдээр гүйсэн гүйдэл бөгөөд ID = VR/100 юм. Ингээд VD ~ ID графикаас харахад хагас дамжуулагч диодны хүчдэл-гүйдлийн хамаарал нь шулуун бус гарч байна.

Жич: LED диодыг эсрэг чиглэлд холбоод хэмжилтийг давтаарай. Ямар учраас хэмжилтийн үр дүн эрс өөр гарсныг хоорондоо ярилцаарай.
Дээрх хүснэгтэд Id гүйдлийн утгыг microsoft excel программаар бодож, мөн графикийг уг программаар байгуулсан болно. 

No comments:

Post a Comment