Thursday, November 27, 2014

NPN ТРАНЗИСТОРЫН ГҮЙДЭЛ ӨСГӨЛТИЙН КОЭФФИЦИЕНТИЙГ ХЭМЖИХ ТУРШИЛТ

Бид транзисторын үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн билээ. Транзисторын гол үүрэг бол нэг гүйдлийг нөгөө гүйдлээр удирдах явдал юм. Тодорхой хэлбэл транзисторын Бааз-Эмиттер хооронд гүйх гүйдэл нь Коллектор-Эмиттерийн хооронд гүйх гүйдлийг удирддаг. Ингэж удирдахдаа баазын (Бааз-Эмиттерийн) гүйдлээсээ тодорхой хэмжээгээр их гүйдлийг коллектороор (Коллектор-Эмиттерээр) гүйлгэдэг. Энэ хоёр гүйдлийн харьцааг транзисторын гүйдэл өсгөлтийн коэффициент гэж нэрлэнэ. Одоо тэгвэл энэ коэффициентийг тодорхойлох туршилт хийе.

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 100Ω эсэргүүцэгч (30)
  3. 100kΩ эсэргүүцэгч (34)
  4. NPN транзистор (52)
  5. 3V зай хураагуур (19) 2ш
  6. Шаардлагатай холбогчууд
  7. Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагууруудын нэг, нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!

Туршилтын схем:

Туршилт:
Туршилтын схемд үзүүлснээр В2 үүсгүүрээс 100kΩ эсэргүүцэгчээр дамжин баазын гүйдэл гүйнэ. Харин В1 үүсгүүрээс 100Ω эсэргүүцэгчээр дамжин коллекторын гүйдэл гүйнэ. Эдгээр гүйдлүүдийг хэмжихийн тулд тэдгээр дээрх хүчдэлүүдийг хэмжээд Омын хуулиар олж болно гэдгийг өмнөх бүх туршилтуудаас мэддэг болсон билээ.
Хэмжиж олсон коллекторын гүйдлийг баазын гүйдэлд харьцуулан гүйдэл өсгөлтийн коэффициентийг тодорхойлно.
Ингээд R1 эсэргүүцэгч дээрх хүчдэлийг хэмжвэл 2.505V байв. Эндээс баазын гүйдлийг олбол 25.1 µA болж байна. Одоо R1 эсэргүүцэгч дээрх хүчдэлийг хэмжие. Энэ нь 0.645V болж, түүгээр гүйх гүйдэл буюу коллекторын гүйдэл нь 6.45 mA болж байна. Ингээд гүйдэл өсгөлтийн коэффициент β = 257 гарав. 
Тухайн NPN транзистор нь гүйдлийг 257 дахин өсгөдөг байна.

No comments:

Post a Comment